Reader.mn

Informações:

Sinopse

. , . , , www.reader.mn .

Episódios

  • Подкаст: Элиас Канетти "Марракешийн дуу хоолой"

    10/10/2020

    Нобелийн шагналт зохиолч Элиас Канеттигийн энэхүү зохиол бол нэгэн аялагчийн Марракеш хотоор хэрхэн аялснаа тэмдэглэн бичсэн жирийн нэг аян замын тэмдэглэл гэвэл эндүүрэл болно. Бид энэ зохиолоор дамжуулан баян, ядуу хүн ард, сохор гуйлгачин, тэмээний наймаачин, мал нядлагч, дайнд оролцогч, биеэ үнэлэгч, ажилгүйчүүдтэй уулзаж, Канетти ч ер бусын ажиглалтаараа уншигчдадаа ар араас нь гэнэтийн бэлгүүдээ барина. Аливаа бүхнийг асар богино хугацаанд, гүн гүнзгий мэдэхийг хүсдэг хүн ихэнхдээ юу ч ойлгож авдаггүй гэдгийг Канетти бидэнд хэлэхийг хүссэн бөгөөд энэхүү дүгнэлт нь зөвхөн аяллын тухайд ч бус, амьдралын бусад үйл хэрэгт ч хүчин төгөлдөр үйлчилдэг билээ. Ийм хямдхан үнэнийг бус, харин бодит байдлыг өөрөөр хүлээн авах шинэ үйл явцын эхлэлийг тавих нарийн, тодорхой ажиглалтын талаар уншихыг хүсэгчдэд Канеттигийн Марракешийн дуу хоолой аян замын тэмдэглэл таалагдах нь лавтай.

  • Подкаст: Стефан Цвейг "Шатрын тууж"

    10/10/2020

    Шатрын тууж хэмээх зохиол Цвейгийн туурвилууд дундаас Баруунд хамгийн ихээр алдаршсан бүтээлүүдийн нэгд тооцогддог. Уг тууж дэлхийн дахинд хэдэн саяар худалдаалагдсан төдийгүй Герман, Австри зэрэг улсад дунд сургуулийн уран зохиолын хичээлийн хөтөлбөрт зүй ёсоор багтдаг юм. Тэрээр уг туужаа Бразиль улсад цагаачлан амьдарч байхдаа бичсэн бөгөөд 1942 онд амиа хорлон нас нөгчихөөсөө ердөө хэдхэн хоногийн өмнө Америкийн хэвлэлийн газартаа илгээж байжээ. Шатрын тууж зохиол Цвейгийн нацизмын тухай бичсэн цорын ганц бүтээл билээ. Ер нь шатрыг тоглоом гэж нэрлэх нь хэр зохимжтой вэ? Нэр сүрийг нь гутаан бууруулсан хэрэг биш гэж үү?

  • Подкаст: Чингиз Айтматов "Жамиль"

    10/10/2020

    Чингис айтматов бол орос хэлээр туурвидаг зохиолчдын дундаас бүтээлүүд нь хамгийн их уншигддаг хүмүүсийн нэг юм. Түүнийг монгол уншигчид эссээ, өгүүллэг, тууж, романуудаар нь таних боловч Жамиль хэмээх энэхүү алдартай туужийг нь тэр бүр мэдэхгүй. Жамиль тууж түүний Максим Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийг төгсөх дипломын ажил байв. Айтматов гучин настайдаа Жамиль туужаа бичсэн бөгөөд анх Новый Мир утга зохиолын сэтгүүлд хэвлэгдэж, улмаар Арагон уг туужийг франц хэл рүү орчуулж, “дэлхийн хамгийн сайхан хайрын түүх” хэмээн дүгнэсэн бол герман орчуулга нь 1500 гаруй номоос бүрдсэн “Зуркампын номын сан” цувралын хамгийн өндөр борлуулалттай бүтээлээр шалгарч байв. Тууж цааш олон хэлнээ хөрвүүлэгдэж, өдгөө дэлхийн уншигч олонтой, бараг бүх хэл дээр хэвлэгдэж гарсан гэж хэлэхэд буруудахааргүй болжээ.

  • Подкаст: Хорхе Луис Борхес "Даян дэлхийн жигшүүрт түүх"

    10/10/2020

    XX зууны хамгийн нэр нөлөөтэй зохиолчдын нэг болох Хорхе Луис Борхес 1935 онд уран зохиолын анхны ном болох "Даян дэлхийн жигшүүрт түүх"-ээ бичжээ. Борхес эдгээр өгүүллэгээ “хүүрнэл дасгалууд” хэмээн тун даруухнаар нэрийдсэн нь энэ түүврийн нэлээд егөөтэй, бардам нэрээс эрс ялгарна. Борхес ертөнцийн бүхий л жигшүүрт хэргийн тухай өгүүлэх гэж буй мэтээр тун эрдсэн гарчгаар түүврээ нэрлэсэн ажээ. АНУ, Хятад, Япон, Аргентин, Андалус, Египет, Судан: түүвэрт багтсан 14 өгүүллэг дэлхий ертөнцийн эдгээр газар нутгуудад өрнөнө. Цаг хугацааны хувьд өгүүллэгүүдийн үйл явдал дундад зууны эхэн үеэс Борхесын өөрийн амьдарч байсан цаг үеийг хамарна. Түүнчлэн жигшүүрт хэргүүдийн төрөл зүйлийн тухайд Борхес аль болох өргөн хүрээг хамрахыг, аль болох олон төрлийн жигшүүрт хэргийн тухай хүүрнэхийг хичээсэн нь ажиглагддаг: заль мэх, урвалт, худал, дүр эсгэлт, далайн дээрэм, аллага гэх мэт. Гэхдээ Борхесыг нэр алдарт хүргэсэн уран бүтээлийн онцгой хэв маяг нь эхэн үеийн энэхүү бүтээлд нь ч маш тод туссан байна.

  • Подкаст: Г.Гарсиа Маркес “Зарлагдсан үхлийн товчоон”

    10/10/2020

    Г.Гарсиа Маркесын төдий л танигдаагүй богиновтор хэмжээний бүтээлүүдийн дундаас Зарлагдсан үхлийн товчоон (1981) зохиол бол богино хэмжээний бүтээлүүдээс нь хамгийн сод туурвилд тооцогдоно. Хоёр зуу хүрэхгүй хуудастай энэ зохиолдоо Маркес дэлхийн аль ч өнцөг буланд чухалд тооцогдож, анхаарал татах тийм л түүхийг хүүрнэжээ. Бидний дунд аллага үйлдэгдэж байхад, үүнийг мэдсэн хэр нь ямар ч сэргийлэх арга хэмжээ аваагүй хүн бүр энэ аллагын төлөө хариуцлага хүлээх учиртай юу? Шударга бус явдал гаарч, өдөр тутмын амьдралын нэг хэсэг, хэвийн үзэгдэл гэж тооцогдоход бидний соёлын хэм хэмжээ, зан заншил ямар үүрэг гүйцэтгэдэг вэ? Өнөөгийн бидний нийгэмтэй ямар холбоо хамаарал байж болох вэ? Зарлагдсан үхлийн товчоон романы уншигчаас асуух асуултууд, уншигч абугай колумб, монгол, америк, хятад, европ, орос, англи ер хэн байхаас үл хамааран, өнөөдөр ч анх бичигдсэн он жилүүдийнхээ нэгэн адил сонирхол татсан хэвээр байна.

  • Подкаст: А.И.Солженицын "Иван Денисовичийн нэг өдөр"

    10/10/2020

    Амьд ахуй цагтаа зохиол бүтээлээрээ улс төрийн дээд түвшинд шууд нөлөөлсөн зохиолч цөөхөн. Александр Исаевич Солженицын бол гарцаагүй тэдний нэг билээ. Иван Денисовичийн нэг өдөр зохиол 1962 онд Новый мир сэтгүүлд анх хэвлэгдэхдээ Никита Сергеевич Хрущёв (1894–1971)-ын тусгай зөвшөөрлөөр гарч байв. Энэхүү тууж Солженицыныг дэлхий дахинд алдаршуулаад зогсохгүй, судлаач шүүмжлэгчид болон түүхчдийн үзэж буйгаар зөвлөлт засаглалыг нуран унахад хамгийн ихээр нөлөөлсөн бүтээл ажээ.Энд зөвхөн нэг өдрийн үйл явдал өрнөх хэдий ч Солженицын ганцхан өдрийн дүрслэлээр ГУЛАГ системийн хар бараан, гашуун үнэнийг тод харуулна. И.Д.Шухов хэмээх гол баатрын бодлоор ГУЛАГ дахь харьцангуй боломжийн, бараг л сайхан гэмээр өдрийг дүрслэхээр шийдсэн нь зохиолыг бүр ч амжилттай болгожээ.

  • Подкаст: Женнифер Л.Скотт "Шик хатагтайн зөвлөгөө"

    10/10/2020

    Энэ бол Парисын арванзургадугаар дүүрэгт амьдрах Шик хатагтайгаас Лос-Анжелесийн оюутан Женниферын сурч авсан үнэтэй зөвлөгөөгөөр дүүрэн ном юм. Ном доторх зөвлөгөө-хичээлүүд маш тодорхой, энгийн хэрнээ өдөр тутмын амьдралд эерэг хандлага, зөв дадал, итгэмээргүй өөрчлөлт авчирсан тухай уншигчид нь ам булаалдан ярьж байна. Бидний амьдарч буй материаллаг ертөнцөд тоо томшгүй сонголт, түүнийг дагасан эцэс төгсгөлгүй хэрэгцээ, хүсэл шунал нэгэнт бий болоод байгаа ч бид өөрийн гэсэн үнэт зүйлтэй байж, хэрэгцээнээс хэтэрсэн хэрэглээг хязгаарлаж, цомхон хэр нь энгийн амьдарч, хамгийн гол нь амьдралын хором мөч бүрээс аз жаргал амталж байх туйлын чухал хэрэгцээгээ тодорхойлох боломжуудыг нээж өгч байгаад л энэхүү номын үнэ цэн оршино.

  • Подкаст: Антуан Де Сэнт-Экзюпери "Бяцхан хунтайж"

    10/10/2020

    Осолдож, төөрсөн нисгэгч, эгэлгүй бяцхан хүү хоёрын нөхөрлөлийн үнэ цэнийг өгүүлэх "Бяцхан Хунтайж" зохиол нь бүх насны уншигчдын сэтгэл зүрхэнд хүрч чадсан юм. Цэцэн мэргэн, ид шидийн гэмээр гайхамшигт энэ ном нь зүрх сэтгэлийн гүн дэх нууцыг өгүүлж, оршихуйн утга учир, хайр энэрлийн хүчийг ойлгуулах болно. Орчлон хорвоод цор ганц байдаг хэмээн итгэж, хайрлан хамгаалдаг цэцгээ орхиод гарсан тэрээр олон гарагаар аялаж ван ноён, худалдаачин, архичин, дэнлүү асаагч, газарзүйч зэрэг хүмүүстэй уулзаж, эцэст нь дэлхийд ирсэн ажээ. Зохиолын энгийн, ойлгомжтой дүрслэлийн цаана ёгт, гүн гүнзгий утга агуулга нуугдаж буй бөгөөд хар аяндаа өрөвдөх, хайрлан энэрэх сэтгэлийг төрүүлнэ.

  • Подкаст: Эрих Кестнер "Гулливерийн аялал"

    10/10/2020

    Ирландын шог зохиолч, яруу найрагч Жонатан Свифт өөрийн хамгийн алдартай бүтээл болох “Гулливерийн аялсан түүх” зохиолоо 1726 онд бичжээ. Уг зохиол нь тухайн үеийн нийгэм, хүмүүсийн хандлага харилцааг шүүмжилсэн далд ёгт агуулгатай. Харин Германы зохиолч Эрих Кестнер нь эх зохиолын үйл явдалд суурилан хүүхдэд зориулан дахин бичсэн байна. Эрих Кестнерын өгүүлсэн энэ зохиолд Гулливер одойчууд болон аварга биетэй хүмүүсийн оронд очиж байгаа тухай өгүүлдэг. Эдгээр том жижиг биетэй хүмүүсээр төлөөлүүлж хүний зан авир, хорон санаа, атаа хорсол, сайхан сэтгэл итгэл гэх мэт олон зүйлийн тухай өгүүлдэг.

  • Подкаст: Элена Фавилли "Тэрслүү охидод зориулсан бяцхан түүхүүд"

    10/10/2020

    Энэ удаагийн дугаартаа бид "Тэрслүү охидод зориулсан бяцхан түүхүүд" номын тухай ярилцлаа. Энд өгүүлэх түүх бүхэн итгэл найдвар дүүрэн зүрх сэтгэл дэлхийг өөрчлөх хүчтэйг нотлон харуулна. Эдгээр хатан зоригт эмэгтэйчүүдийн түүх охидыг урам зоригоор бялхааж, гоо үзэсгэлэн гэдэг нас үл харгалзан өөр өөрийн өнгөтэй оршин байдгийг ойлгуулж, залуу охидыг гайхшруулах болно. Дэлхийн нийт тэрслүү охидоо том мөрөөд, өндөрт тэмүүл, шаргуу тэмц!

  • Подкаст: Дэвид Воллиамс "Даашинзтай хөлбөмбөгчид"

    10/10/2020

    Уг зохиолын үндсэн санааг Дэвид Воллиамсын BBC телевизийн Little Britain шоунд бүтээсэн хэд хэдэн дүр болон түүний хувийн амьдралын түүхээс сэдэвлэсэн бөгөөд дүрүүдийн хөгжилтэй хошин байдал, охидын хувцас өмсөж хөгжилдөж буй дэггүй хүүгийн дүр зэрэг нь өөрийн эрхгүй зохиолч багадаа ийм хөвгүүн байсан байхдаа гэсэн бодлыг уншигчдад төрүүлнэ.12 настай Деннис хүү сургуулийнхаа хамгийн алдартай охинтой нийлж хөгжилдөхийн тулд эмэгтэй дүрд хувиран сургуульдаа очсоноос бий болсон хөгжилтэй, хүндрэлтэй үеүдийг хэрхэн туулсан тухай өгүүлнэ. Түүнчлэн хүн хүсэл мөрөөдлийнхөө төлөө хичээх л юм бол бүхий л үүд хаалга нээлттэй байдаг, томчуудын буруу гэж үздэг зүйл ч угтаа тийм ч буруу биш байж болох учраас шантрах хэрэггүй, хүн бүхний нийгэмд харагдах байдал, үүрэг хариуцлага болон далд нуугдсан хүсэл өөр байх боломжтой зэрэг өсвөр насны хүүхдүүдийг бие хүн болж төлөвшихөд туслах олон зүйлсийг хөгжилтэй, сургамжтай байдлаар гэхдээ маш энгийнээр ойлгуулна.

  • Подкаст: Эрих Кестнер "Эмил ба мөрдөгчид"

    10/10/2020

    Энэ бол Германы зохиолч Эрих Кэстнерийг алдаршуулсан хүүхдэд зориулсан анхны детектив роман юм. Анх 1929 онд хэвлэгдсэн бөгөөд өдгөө дэлхийн 60 хэлнээ орчуулагджээ. Үйл явдал нь гоёчилж зассан уран зөгнөлийн орчинд бус, тухайн үеийн Берлин хотын орчинд, амьдралд байх бодит дүрүүдийн талаар өгүүлдэг нь энэ романыг тухайн цаг үед бичигдсэн бусад хүүхдийн зохиолуудаас онцгойруулдаг. Түүнчлэн энэ романд ёс суртахууны сургаалыг ил тод тулгалгүйгээр, дүрүүдийн үйл хэргээр дамжуулан харуулсан нь гайхалтай.

  • Подкаст: Маурис Сендак "Мангасуудын оронд"

    10/10/2020

    Маурис Сендак 1928 онд Нью-Йорк хотод төрсөн бөгөөд төсөөллийн зах хязгааргүй ертөнцөөрөө уншигчдыг аялуулсан ер бусын зохиолч билээ. 12 настайдаа Уолт Диснейн “Фантазиа” хүүхэлдэйн киног үзээд л хүүхдийн ном бүтээхээр эргэлт буцалтгүй шийдсэн аж. Энд яригдаж буй Мангасуудын оронд ном нь 1963 онд хэвлэгдэн гарсан цагаасаа олон орны хүүхдүүдийн хайртай ном болсон юм. Анх хүүхдүүдэд зориулан зурж, бичиж эхлэхдээ тэрээр хэзээ ч цэцэгс, алтан нар, солонгоны зурагтай ном бүтээхгүй гэж өөртөө амлажээ. Сендакийн хамгийн алдартай номууд нь Мангасуудын оронд, Шөнийн гал тогоонд, Үл таних газарт, Бамбл Арди номууд бөгөөд эдгээр номуудыг Монсудар хэвлэлийн газраас албан ёсны эрхтэйгээр монгол уншигчдадаа хүргэсэн билээ. Хүүхдүүд бодит байдал, төсөөллийн ертөнцийн аль алинд нь амьдарч чаддаг. Нэгээс нөгөө рүү нь маш амархан шилжиж чадна гээч. Гэвч бид тийм байсан үеээ мартчих юм. Маурис Сендак

  • #20 Казүо Ишигүро "Өдрөөс үлдсэн зүйл"

    10/10/2020

    Өдрөөс үлдсэн зүйл роман бол Нобелийн шагналт зохиолч Казүо Ишигүрогийн хамгийн алдартай роман бөгөөд 1989 онд их Британид хэвлэгдэж "Бүүкэрийн шагнал" хүртжээ. Хүний амьдралын ээдрээ нугачааг уран яруу, нарийн гярхай дүрслэн бичсэн эл роман нь хүний амьдралын утга учир, хувь хүн болоод нийгэм соёлын нарийн төвөгтэй харилцаа, сэтгэл хөндүүрлэм мөн чанарыг илчлэн харуулснаараа онцгой бүтээл болжээ. Хожим 1993 онд энэхүү зохиолоор дэлгэцийн уран бүтээл хийсэн нь Оскарын наадамд 8 төрлөөр нэр дэвшин, кино урлагийн сонгодгуудын нэгд тооцогдох болжээ. Нобелийн шагналт Их Британий зохиолч Ишигүрогийн романууд өдгөө дэлхий дахинаа 40 гаруй хэлээр орчуулагдаад байна.

  • #21 Кнут Хамсун "Өлсгөлөн"

    10/10/2020

    Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргаж буй “Утга зохиол” цувралын 25 дугаарт хэвлэгдсэн энэхүү роман нь модернист уран зохиолын хамгийн сонгодог жишээ билээ. Уран зохиолын илэрхийлж болох хил хязгаарыг тэлсэн цөөхөн бүтээлүүдийн нэгээр нэрлэгдэх уг зохиол анх Данийн “Шинэ дэлхий” сэтгүүлд хэсэгчлэн нийтлэгдэж, улмаар 1890 онд ном болон хэвлэгджээ. Норвегийн зохиолч Кнут Хамсун уг романаараа уран зохиолын түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээгээд зогсохгүй залуу зохиолчдын бүхэл бүтэн үе бий болоход нөлөөлсөн юм. Өлсгөлөн романд далд утгын чамин шигтгээ, символизм, пароди зэрэг орчин үеийн уран зохиолын нарийн элементүүдийг чадамгай ашигласнаас гадна Stream of consciousness буюу “Бодлын урсгал” хэмээх бичлэгийн арга барилыг амжилттай туршсан байдаг.

  • #22 Кэтрин Мэнсфилд "Гадаа үдэшлэг"

    10/10/2020

    Уламжлалт бус хэр нь сонирхолтой өгүүллэгүүдээрээ Мэнсфилд англи өгүүллэгийн уламжлалд шинэ чиглэлийг авчирсан юм. Өдгөө Мэнсфилдийн өгүүллэгүүд дэлхийн дөчин хэлээр орчуулагджээ. Мэнсфилд нийтдээ зуу гаруй өгүүллэг бичсэнээс уран зохиолын чанар чансаа болон уншигдаж, судлагдсан байдлыг харгалзан 12 өгүүллэгийг сонгон энэхүү номд оруулжээ. Кэтрин Мэнсфилд бол Виржиниа Вүүлфээс гадна англи хэлээр бүтээлээ туурвигч ХХ зууны хамгийн нөлөө бүхий эмэгтэй зохиолчдын нэгд зүй ёсоор тооцогддог. Тэрээр ердөө 34-хөн наслахдаа модернизмын сонгодог бүтээлд тооцогдох олон өгүүллэг бичсэн нь алдартай зохиолчдын бүтээл турвилд ч хүчтэй нөлөө үзүүлсэн юм.

  • #23 Ж.К.Роулинг "Харри Поттер"

    10/10/2020

    Үе үеийн хүүхэд, залуусын хамгийн дуртай баатруудын нэг залуу шидтэн Харри Поттерийн түүх эхлээд аль хэдийнэ 20 жил ой өнгөрчээ. Уг түүхийг бүтээгч Ж.Роулинг 12 хэвлэлийн компаниас татгалзсан хариу авсны эцэст "Философийн чулуу" нэртэй эхний дэвтрээ ердөө 500 хувь хэвлүүлсэн нь дэлхийн уран зохиолын түүхэнд тодоор бичигдэх агуу аяллын эхлэл болсон юм. 7 цуврал нь дэлхий дахинд 500 сая гаруй хувь борлогдон рекорд тогтоож, 89 орны хэлээр орчуулагдсанд гайхах зүйлгүй юм. 20-р зууны сүүл, 21-р зууны эхэн үеийн утга зохиолын ертөнцөд "хувьсгал" хийж, үе үеийнхнийг байлдан дагуулсаар буй шидтэн хүүгийн түүхийг өгүүлэх цувралыг Монсудар хэвлэлийн газар албан ёсны эрхтэйгээр орчуулан хүргэсээр байна. Бид энэ удаа орхиж явмааргүй найзууд, дуусгаж хаамааргүй дурсамжууд, өнгөрсөн үлдээмээргүй мөчүүд, хэзээ ч хуучрашгүй, хэзээ ч үнэ цэнээ алдахгүй, хэзээ ч гайхашруулж дуусахгүй адал явдлын талаар ярилцлаа.

  • #24 Орхан Памук "Цагаан цайз"

    10/10/2020

    Нобелийн шагналт зохиолч Орхан Памукийн зохиол бүтээлүүд монгол хэлнээ хамгийн их орчуулагдсан байдаг. "Цагаан цайз" бол түүний гурав дахь роман бөгөөд түүний бүтээлүүдээс анх удаа англи хэлнээ орчуулагдсан, Памукыг баруунд анхлан таниулсан роман гэдгээрээ онцлог. Өрнө дорнын ижилсэл хийгээд ондоошлыг гайхалтай урнаар илэрхийлсэн энэхүү романаа тэрээр 1984-1985 онуудад бичжээ. Сонирхолтой түүхэн сурвалж дээр суурилж бичигдсэн эл роман Монсудар Утга зохиол цувралын 24 дэх дэвтэр болон хэвлэгдсэн юм. Дорнод шинэ од мэндэллээ, тэр бол турк зохиолч Орхан Памук.Нью-Йорк Таймс "Цагаан цайз" роман бол дундад азийн үлгэр домгийг шингээсэн, түүхийн адармаатай цаг үе, бодит дүрүүдийн тусгалаар дамжуулан өнөө цагийн уншигчдад Турк орны түүхтэй танилцах, хувь хүний дотоод мөн чанар-би рүүгээ аялах боломж олгосоноороо бусад бүтээлээсээ ялгарна. Хүүрнэл зохиолын нэгэн өвөрмөц жишээ болохуйц энэхүү роман өөр хоорондоо ер бусын төстэй хоёр дүрээр дамжуулан улс төр, шашин, шинжлэх ухаан болоод хүний оршихуйн мөн чанары

  • #25 "Монгол утга соёл" цуврал

    10/10/2020

    Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргасан “Монгол утга соёл” гэх аман зохиолын цуврал бүтээл шинэчлэгдэн хэвлэгдсэн байна. Тус цувралд “Тууль, Оньсого, Домог, Домог үлгэр, Үлгэр, Ертөнцийн гурав, Аман наадгай, Ерөөл магтаал, Зан үйл” гэсэн 9 ном багтжээ. Тухайн сэдвийн хүрээний аман зохиолыг түүвэрлэн, эмхтгэн боловсруулснаас гадна өргөн хүрээтэй судалгаа хийж, аман зохиолын ач холбогдол, үг хэллэгийн онцлог, түүнийг дагалдах уламжлалт зан үйл зэргийг дэлгэрэнгүй хэр нь энгийн ойлгомжтой байдлаар тайлбарлан оруулж ном бүрт хуучин үг, нутгийн аялгууны үгийг тайлбарлан хавсаргажээ. Монгол ардын аман зохиолтой танилцаж, түүгээр дамжуулан Монголын уламжлалт зан үйл, хэл соёл, ахуйгаа бүрэн танин мэдэж, цаашид бүтээлчээр хөгжүүлэх хэн бүхэнд чухал гарын авлага болох уг цувралын талаар ярилцлаа.

  • #26 Марк Мэнсон "Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг"

    10/10/2020

    Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг: Сайхан амьдралд хүрэх эсрэг зам хэмээх энэхүү гайхалтай номын зохиолч Марк Мэнсон бол өдөрт хоёр сая гаруй хандалттай markmanson.net цахим хуудсын эзэн, амжилттай бизнесмен, “Дижитал номад” нэрээрээ алдартай цахим нийтлэлч хүн билээ. Түүний хоёр дахь бүтээл болох Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг хэмээх энэхүү номыг анх 2016 оны есдүгээр сарын 13-нд Харпер Коллинс хэвлэлийн газраас худалдаанд гаргажээ. Тус ном худалдаанд гараад сар хүрэхгүй хугацаанд Нью-Йорк Таймс сонины “Өөртөө туслах ном” бэстселлер жагсаалтад зургаадугаар байр, Вашингтон пост сонины “Уран зохиолын бус баримтат бүтээл” бэстселлер жагсаалтад есдүгээр байр, Торонто Стар сонины “Хувь хүний хөгжлийн ном” бэстселлер жагсаалтад тэргүүн байрт тус тус жагссан юм.

página 2 de 4